Wednesday, May 20, 2015

Манай сургууль

БСШУЯ-ны харьяа Үндэсний Лаборатори “Ган зам” 20 дугаар сургуулийн танилцуулга 

                Үндэсний Лаборатори “Ган зам” 20 дугаар сургууль нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 152 тоот тогтоолоор УБТЗ-ыг түшиглэн 8 анги, 491 сурагч, 11 багш, 7 ажилтантайгаар байгуулагдаж, өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх ариун үйлсийнхээ гарааг эхэлсэн бөгөөд өдгөө 1972 сурагч, 85 багш, 31 ажилтантайгаар боловсролын үйлчилгээ үзүүлж  байна.
Тус сургууль нь:  1956-1962 оны хичээлийн жилд 7 жилийн сургууль
1962-1979 оны хичээлийн жилд 10 жилийн сургууль
1979-1990 оны хичээлийн жилд 8 жилийн сургууль
1990-2006 оны хичээлийн жилд 10 жилийн сургууль
2006-2008 оны хичээлийн жилд 11 жилийн сургууль
2008 оны хичээлийн жилээс 12 жилийн боловсрол эзэмшүүлэх бүтэц, зохион байгуулалттай хичээллэж байна. Мөн 2010 оноос ОХУ-ын Эрхүү хотын нэрэмжит
сургууль, 2011 оноос БСШУЯ-ны харьяа Үндэсний Лаборатори Сургууль болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.  
Манай сургуулиас УИХ-ын гишүүн асан Р.Буд, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Л.Ойдовням, Ш.Түгж, С.Хэрлэн, Н.Нацагдорж, У.Батмөнх, Монгол Улсын Төрийн соёрхолт зураач До.Болд, Монгол Улсын Ардын жүжигчин Д.Мэндбаяр,  Монгол Улсын Гавьяат багш, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Б.Чулуундорж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, академич, хэл бичгийн ухааны доктор Х.Сампилдэндэв, Монгол Улсын хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор Р.Цэдэн-Иш, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн н.Батсүрэн, МУГЖ Г.Зоригт, Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат ажилтан, түүхийн ухааны доктор О.Пүрэв, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Дэлгэр, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Д.Банди, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Х.Намшир, Монгол Улсын Гавьяат тамирчин, Зууны манлай боксчин Н.Энхбат, Чөлөөт бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Эрдэнэт-Од, Дэслэгч генерал, Ардын армийн Улс төрийн газрын дарга асан Ж.Балжинням, “Харанга”, “Хурд”, “Чоно” хамтлагынхан зэрэг олон арван төр нийгэм, шинжлэх ухаан, урлаг, спортын алдартнууд төрөн гарсан байна.
Үндэсний Лаборатори “Ган зам” 20 дугаар сургууль нь суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг 2011-2012 оны хичээлийн жилээс математик, англи хэл, хими, физик, биологийн хичээлээр туршиж эхэлсэн. 2013-2014 оны хичээлийн жилд бага боловсролын цөм хөтөлбөрийн туршилтыг 8 хичээлээр явуулж, 2014-2015 оны хичээлийн жилд орон нутгийн сургуулиудад түгээн дэлгэрүүлж эхлээд байна. 2014-2015 оны хичээлийн жилийн  III улирлаас 6-9-р ангийн нийт хичээлээр буюу Монгол хэл бичиг, Математик, Мэдээллийн технологи, Байгалийн ухаан, Нийгмийн ухаан, Урлаг, Дизайн технологи, Биеийн тамир, Гадаад хэл гэсэн 9 багц хичээлийн судлагдахуунаар туршиж байна.
2014-2015 оны хичээлийн жилд 540 хүүхдийн багтаамжтай мансардтай өргөтгөлийн барилгыг бариулж, ашиглалтад оруулснаар тус сургууль нь нийтдээ 46 ангитай, үүнээс 7 анги нь ухаалаг самбартай, 10 кабинет, интернет мэдээлэл зүйн иж бүрэн  2 кабинет, их засвар хийж иж бүрэн тохижуулсан 1 спорт заал, 1 урлаг заал, цахим номын сан, хүүхэд хөгжлийн 1 төв, багш хөгжлийн 9 төвтэй хичээллэж байна. Үүнээс гадна сургуулийн хэмжээнд 16 дугуйлан хичээллэдэг, бүх анги танхим нь өндөр хурдны интернетэд холбогдсон.   Мөн  дунд ахлах анги нь 1, бага анги нь 2 ээлжээр хичээллэдэг болсноор багш бүр үр бүтээлтэй ажиллах, хүүхэд нэг бүрийн сурч боловсрох, хөгжих таатай орчин цогцоороо бүрдсэн байна.